Намууд өмчгүй байхыг хуульд тусгах ёстой гэв

b4a0cc91ff8db5a8greatБие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Намын хатуу гишүүнчлэлээс болж  монголын ард түмэн хоёр хуваагдаж талцаж байна. Энэ бол хүсдэг зүйл биш. Үүнээс татгалзах хэрэгтэй. Хоёрт, намуудын санхүүжилтийг эргэж харах цаг болсон. Сонгуулийн үеэр улстөрийн намууд компаниудаас маш их мөнгийг хандив нэрээр авч, ялсныхаа дараа юм уу төсвийн мөнгөөр ач буяныг нь эргүүлж хариу барьдагийг зогсоох ёстой. Гуравт, намууд өмчгүй байх, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах, намууд ард түмний төлөө үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол төсвөөс санхүүждэг байх, улмаар ард түмний талд сайн шийдвэр гаргадаг болох зэрэг зохицуулалтыг тус хуульд тусгаж өгөх шаардлага байна. Энэ бүхэн бол бусад оронд байдаг жишиг. Үүнийг бие даагч гишүүдийн зүгээс санал болгож байна” гэсэн юм. Мөн намууд компаниудаас дэвшүүлсэн бодлогын хүрээнд дэмжлэгийг авч ажилладаг бодлогын байгууллага болох асуудал ч чухал гэлээ.

Эх сурвалж:http://politics.news.mn