Украйны Ерөнхий сайд төрийн эргэлт гарахаас эмээж байна

LancerenoKУкрайныг Европын холбоонд нэгтгэхгүй байх эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан олон хоног үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Украйны Ерөнхий сайд Микола Азаров өчигдөр /ХII.2/ эсэргүүцлийн жагсаал бослогын хэмжээнд хүрч, төрийн эргэлт гарахаас эмээж буй тухайгаа мэдэгджээ. Тэрээр Украйны Засгийн газарт хандан төрийн эргэлт гарахаас болгоомжлохыг анхааруулсан байна. Харин түүний энэ сүржин мэдэгдлийн дараа АНУ-ын “Цагаан ордон”-ы хэвлэлийн төлөөлөгч Жей Карней Нэгдсэн улсын зүгээс Украйнд болж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан төрийн эргэлт гаргах хэмжээнд очоогүй байна хэмээн ажиглаж буйг хэлжээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн ням гаригт олон хүн гэмтэж бэртсэн мөргөлдөөн гарсаны дараа Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбооны комисст хандан холбоонд нэгдэх гэрээтэй холбоотой дахин төлөөлөгчөө илгээхийг хүссэн байна. Үүний хариуд Европын холбооны комиссын дарга Жосе Мануэл Барросо түүний хүсэлтийг хүлээн авсан боловч ямар нэгэн гэрээ, хэлэлцээрийг сэргээх боломжгүй гэж мэдэгджээ.

Украйны сөрөг хүчнийхнээр удирдуулсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчид тус улсыг Европын холбоонд нэгтгэх гэрээ болон чөлөөт худалдааны гэрээ байгуулахад саад болсон Ерөнхийлөгч Януковичийг огцрохыг шаардаж буй юм. Украйны нийслэл Киев хотноо олон мянган жагсагчид хүчнийхнээр битүү хамгаалуулсан парламентийн ордоны гадна эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа аж.

Эх сурвалж:http://world.news.mn/