ЖЕРМАНВИНГС КОМПАНИЙ ЭЙРБУС-320 ОНГОЦ ОСОЛДСОН БАЙНА

image
ХБНГУ-ын Лууфтхаанза компаний охин компани болох Жерманвингс компаний Эйрбус-320 онгоц Францын өмнөд хэсэгт явж байгаад осолдсон бөайна. Уг онгоц Барселон хотоос Дюсселдорф хотыг чиглэн нисч байжээ. Осол гарах үеэр онгоцонд 150 хүн байсны 2 нь хөхүүл хүүхэд, байсан бол 6 нь онгоцны багийнхан байсан юм. Тус компаний мэдээлж байгаагаар зорчигчдын 67 нь Германы иргэд байжээ. Шенгений орны иргэд Шенгений орнуудад гадаад паспортгүйгээр зорчих эрхтэй байдаг тул бусад зорчигчид аль улсын иргэд байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Францын засгийн газар болоод ослын газарт түрүүлж ирсэн аврах ангийнхны мэдээлж байгаагаар ослоос амьд үлдсэн хүн байхгүйгээс гадна онгоцны бутарч тарсан хэсгүүд 2км-ын радиуст тархсан байна. Барселоны цагаар 10 цаг 01 минутанд хөөрсөн 4Ю 95-25 нислэг 11цаг 55минутанд Дюсселдорф хотод газардах ёстой байсан юм. Онгоц 10 цаг 45минутын үед 12мянган м-ийн өндөрт хөөрсөн боловч нэг минутын дараа өндрөө бууруулж доошилж эхэлсэн байна. Гэтэл 10 цаг 53 минутанд онгоц Францын радараас алга болжээ. Эрх баригчдын мэдээлж байгаагаа онгоцны багийнхан тусламж хүссэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүйгээс гадна гэнэтхэн өндөрөө хасах болсон шалтгаанаа ч хэлээгүй байна. Тиймээс Францын эрх баригчид онгоцтой холбоотой түгшүүр зарласан байна. Осол гарах үед цаг агаарын байдал сайн байсан гэж цаг уурын алба мөн мэдээлжээ. Онгоцны ахмад нисгэгч туршлагатай нэгэн байсан төдийгүй Луфтханзагийн Жерманвинс компанид арав гаруй жил нислэг хийж байгаа ахмад нисгэгч юм. Осол болсон Францын Альпийн нурууны Прадс Хоот Блони гэдэг газар нь аврах албаныхан очиход тун төвөгтэй газар юм байна. Тиймээс олон тооны нисдэг тэрэг болоод цэргийн онгоцнуудыг энэ ажилд дайчлаад байна. Францын дотоод хэргийн сайд Бернард Казенуэвэ онгоцны нэг хар хайрцаг олдсон тул хайрцгийг задалж онгоцонд болсон явдлыг судлах ажлыг нэн даруй эхлүүлэхээр болсон гэж мэдэгджээ. Болсон явдалтай холбоотойгоор Фран, Герман улсууд яаралтай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна Германы тээврийн яамны сайд Александер Добриндт, гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер, Францын дотоод хэргийн сайд Бернард Казенуэвэ нар ослын газарт ирж байдалтай танилцсан байна. Эйрбус-320 онгоц онгоц нь Эйрбус концерний бүтээсэн хамгийн сайн онгоцнуудын нэг юм. дундын зайд үйлчилгээ үзүүлдэг ийм загварын 3700 онгоц дэлхийн өнцөг булан бүрт нислэг үйлддэг байна. Францад осолдсон Эйрбус-320 онгоцыг Луфтханза 1991 оноос ашиглаж эхэлсэн бол өнгөрсөн жил Жерманвингс компанид хүлээлгэж өгсөн байна. 24жил ашиглагдсан энэ онгоц нь агаарын тээврийн салбарт хуучирсан онгоцонд тооцогддоггүй байна.

Бэлтгэсэн: Ж.Тамир